Full news

Б.Ариунболд: Брунейн багтай хийсэн тоглолтод "БИ ТОГЛОЛТЫГ ӨӨРЧИЛНӨ ӨӨ" гэж багийнхандаа хэлээд талбайд гарсан

Erchim FC admin
(II / 09, 2020)

Монголын Үндэсний шигшээ баг болон "Эрчим" клубийн хөлбөмбөгчин, спортын мастер Б.Ариунболдтой ярилцлаа. Тэрбээр "Эрчим" клубийнхээ хамтаар Үндэсний дээд лигт 5 удаа түрүүлж, 2 удаа мөнгөн медаль хүртээд байна. Б.Ариунболд нь Үндэсний дээд лигийн шилдэг хаалгачаар 3 удаа шалгарсан төдийгүй оны шилдэг хөлбөмбөгчдийг шалгаруулдаг "Бэлгэдлийн шигшээ баг"-т 3 удаа багтаад буй юм.

-Маш олон хөлбөмбөгчин гайхалтай гоол оруулахыг л хүсдэг шүү дээ. Та яагаад хаалгачийн байрлалд тоглох болсон бэ?

-Би анх Сэлэнгэ аймгаас хөлбөмбөгийн гараагаа эхэлсэн. Тэр үед хамгаалагчийн байрлалд тоглодог байлаа. Гэхдээ надад хаалгач хийх нь илүү гоё санагддаг байсан л даа. Багийн маань тоглогчид гоол оруулахаар өөрийн эрхгүй өмнөөс нь баярлаад байдаг юм. ГэвЧ заримдаа "Хэрвээ би довтлогчийн байрлалд тоглодог байсан бол яг л түүн шиг гоол оруулаад л гоолын баяр хийх байсан даа" гэх бодол төрдөг.

-Та үндэсний шигшээ багт анх хэзээ дуудагдаж байсан бэ?

-Бага байхдаа шигшээ багийнхаа тоглолтыг зурагтаар л үздэг байсан. Тухайн үед миний мөрөөдөл үндэсний шигшээ багтаа тоглох байлаа. Энэ зорилгодоо 2011 онд хүрч, "Challenge Cup" тэмцээний урьдчилсан шатанд тоглох Үндэсний шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтан Филиппин улс руу явж байсан.

-Та 7 хоногийн хичнээн өдөрт нь бэлтгэлээ хийдэг вэ. Маш их хийчээл зүтгэлийн үрээр амжилт гаргах нь дамжиггүй?

-Долоо хоногийн зургаан өдөрт нь бэлтгэлээ хийдэг. Харин нэг өдрийг нь гэр бүлтэйгээ өнгөрөөдөг дөө. Тэмцээний үеэр ажлаасаа чөлөөлөгддөг болохоор тоглолтууддаа бүрэн анхаарах боломжтой болдог. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө бүрэн дайчилж, хичээх ёстой шүү дээ.

-Үндэсний шигшээ баг маань Брунейг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожиж түүхэндээ анх удаа ДАШТ-ний урьдчилсан шатанд тоглох эрхтэй болсон. Та Брунейд явагдсан хариу тоглолтын хоёрдугаар хагасын эхэнд сэлгээгээр орж ирээд чухал үед олон хаалтуудыг хийж, шинэ түүхийг бүтээхэд онцгой хувь нэмрийг оруулсан тоглогчдын нэг. Тэр тоглолтын дараа хөлбөмбөгийн олон хорхойтон залуус уйлж байсныг мэдэх юм?

-Энэ бол миний оролцсон тоглолтуудаас хамгийн их үнэ цэнэтэй нь байлаа. Би тухайн тоглолтод сэлгээгээр орно гэж бодоогүй байсан. Талбайд ямар тоглогчийг гаргахаа дасгалжуулагч л шийддэг. Тоглолтын өмнөх бэлтгэлийн үеэр гараанд гарч тоглох хүсэл тэмүүлэл надад маш их байсан. Харин тоглолтын гарааны бүрэлдэхүүнд нэр минь байхгүйг мэдээд "Зүгээр дээ. Сайн хичээвэл дараагийн тоглолтод талбайд гарах л болно" гэж өөрийгөө зоригжуулж суулаа. Дасгалжуулагч эхний үе дуусч байхад Э.Мөнх-Эрдэн бид хоёрыг халаалтад гаргасан. Тухайн тоглолтод намайг сэлгээгээр оруулах болоход Б.Гарьдмагнай ах "За, ахын дүү, Монголдлл тоглодог шигээ л тайван тогло" гэж захисан. Харин дотроо "энд хүрэх гэж би ямар их хичээсэн билээ. Өнөөдөр л хичээл зүтгэлийнхээ үр дүнг гаргах ёстой" хэмээн бодож байсан даа. Тэр тоглолтод би өөрийнхөө ур чадварыг бүрэн харуулж чадсан л гэж боддог.

-Брунейд хийсэн хариу тоглолтын эхний хагас өндөрлөх үед баг маань хоёр гоол хаалгандаа алдчихсан байсан шүү дээ. Эхний хагасын завсарлагаанаар тоглогчдын сэтгэлзүй ямархуу байсан бэ?

-Тоглогчдын сэтгэлзүй нээх их уначихаагүй байсан. Хэн нэгнийгээ "Чи алдаа гаргалаа: гэж зэмлээгүй. Эхний хагасын завсарлагаанаар "Би багаа аварна. Би тоглолтыг өөрчилнө өө" гэж багийнхандаа хэлчихээд талбайд гарсан.

-Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар гуран жил ажилласан Майкл Вайссын гэрээ хэдхэн хоногийн өмнө дуусгавар болж, ажлаа хүлээлгэн өгсөн. Та түүний удирдлага доор цөөнгүй тэмцээнд оролцсоны хувьд Вайссд ямар үнэлгээ өгөх вэ?

-Би түүнийг сайн дасгалжуулагч гэж үнэлнэ. Монголын хөлбөмбөгт сэтгэл зүрхээ зориулсан хүн шүү дээ. Вайсс бол хүнтэй сайн ойлголцдог дасгалжуулагч.

-Та тоглолтын өмнө хэрхэн төвлөрдөг вэ?

-Заримдаа тоглолтын өмнө нүдээ аниад чимээгүй суудаг. Хааяа багийнхантайгаа инээж, баярлах үе ч байдаг. Тоглолт эхлээд нэг сайн хаалтыг хийхэд л айдас аяндаа арилчихдаг юм. Хаалгач багийнхаа тоглогчдод ялалтын илтгэл, урам зоригийг мэдрүүлдэг.

-Таныг алдаа гаргах үед хөгжөөн дэмжигчдээс сөрөг дайралтууд ирэх тохиолдол нэлээд байдаг байх аа. Тэр болгонд сэтгэлээр унадаг уу?

-Би алив болгонд сэтгэлээр унаад байдаггүй ээ. Яахаа хүн л юм чинь сэтгэл нурах үе байдаг л юм. Гэхдээ тэх бүхнийг даван туулах гэж л тамирчин болсон шүү дээ.


Яарилцлага авсан:

"Өдрийн сонин"-ий сэтгүүлч У.Чинзориг

Thermal power plant #4
Herbalife
BTF       Adidas